Ачааллаж байна...
EW бол Канад, Японы биш, Монгол залуусын өөрсдийн туршлага, туршилтаас төрсөн барилгын систем. Жинхэнэ модон байшингийн дулаан уур амьсгал, модны үнэрийг хадгалж, эрс тэс хүйтэнд дулаанаа алдахгүй байхаар шийдсэн.

EW гэж юу вэ
EW-ийг SIP технологитой зүйрлэж ойлгох гэж оролдох хүн олон. Гэвч энэ хоёр нь зарчмаараа ялгаатай. SIP-д дулаалга хоёр хавтангийн дунд хавчуулагдаж, тэр хавтан өөрөө ачаа даадаг. Харин EW-д ачааг модон хүрээ даана, дулаалга нь барилгыг гаднаас нь тасралтгүй ороодог бүрхүүл болно.
Бидний ашигладаг мод, EPS хөөсөнцөр, мембран, хонины ноос нь Монголын барилгын салбарт олон жил хэрэглэгдэж, найдвартай нь батлагдсан, дотоодод олдоцтой материал. Инноваци нь материалд биш, тэдгээрийг хослуулж, холбож, угсардаг арга зарчимд оршдог.
Дулаалга бүхэлдээ гадна талд байгаа учраас модон хүрээ үргэлж дулаан талдаа үлддэг. Шүүдэр модонд биш, EPS дотор үүсэх тул мод чийгшиж муудах эрсдэл багасна.
Хавтангийн зүсэлт, холболт, зангилааны шийдлийг энд нийтлээгүй. Тэдгээр нь оюуны өмчөөр хамгаалагдсан бөгөөд зөвхөн лицензтэй гүйцэтгэгчид олгогдоно.
Харьцуулалт
Хэрхэн баригддаг вэ
Байшинг бүрдүүлэх хэсгүүдээр нь задалж харуулав: юу юун дээр суудаг, хаана байрладаг. Барих дарааллыг доорх таван алхмаас үзнэ үү.
Дүрслэл нь ерөнхий дарааллыг харуулна. Ажлын нарийвчилсан дараалал, хяналтын цэгүүд нь лицензийн материалд багтана.
1Дулаалгатай хавтан суурин дээр багана, дам нуруу, ноён нуруу, дээврийн хөндлөвч босно. Ачааг бүхэлд нь мод даана.
2Дээвэр хаагдаж, гурван давхар шилтэй цонх модон хүрээндээ сууна. Хур тунадаснаас хамгаалагдсаны дараа дулаалгын ажил эхэлнэ.
3Барилгыг гаднаас нь тасралтгүй EPS бүрхүүлээр ороож, хүйтний гүүрийг хаана. EW-ийн гол ялгаа, оюуны өмч энэ алхамд байна.
4Шавардлага, модон хаалт, дээврийн хавтанцар; тавцан, зам талбай, нарны эрчим хүчний систем.
5Гаднаа цэвэрхэн, дотроо модон. Агаар нэвтрэлтийн (blower-door) туршилтаар хүлээн авна.
Суурь
Бетон хавтан бүхэлдээ 300 мм EPS дээр, хөрсөнд хүрэлгүй сууна. Суурийн ирмэгийн EPS нь хананы бүрхүүлтэй үргэлжилдэг тул барилга доороо ч, ирмэгээрээ ч хүйтний гүүргүй. Ирмэгийг газрын хөлдөлтөөс XPS далавч, усыг тойруулсан дренаж хамгаална.
Зургийг хажуу тийш гүйлгэж харна уу
Суурийн ирмэгийн зүсэлт, масштабтай. Алтан тасархай шугам: дулаалгын тасралтгүй бүрхүүл.
БУ-6 · зардал нь хавтан суурьтай харьцуулсан урьдчилсан таамаг
| Налуу | Шийдэл | Шал газраас | Зардал |
|---|---|---|---|
| ≤ 3% | Дулаалгатай хавтан суурь шууд | 0.45 м | 1.0 |
| 3–8% | Ухалт, дүүргэлтээр тэгшилсэн дэр + хавтан | 0.45 м | 1.0 |
| 8–15% | Туузан цокол + хавтан | 0.45–1.0 м | 1.2–1.4 |
| > 15% | Шураг, багана суурь, өргөсөн модон шал | ≥ 0.6 м | 0.9–1.1 + шал |
Шал = дулааны нөөц
Ханан пийшин галын дулааныг тоосгондоо шингээж, гал унтарсны дараа ч удаан дулаацуулдаг. EW-ийн шал ч яг ингэж ажиллана, зөвхөн гал биш нар халаана.
Өвөл нар нам, үд дунд 18.7° өндөрт байдаг тул урд зүг рүү харсан том цонхоор орсон туяа өрөөний гүн хүртэл бараан эпокси шалыг гэрэлтүүлнэ. Бараан гадаргуу нарны дулааныг сайн шингээж, доорх 150 мм бетон хавтан түүнийг өдрийн турш хуримтлуулна. Орой нар жаргасны дараа хавтан тэр дулаанаа өрөөнд аажмаар буцааж өгнө.
Хавтан доороо 300 мм EPS-тэй учраас хуримтлуулсан дулаан газар руу алдагдахгүй, зөвхөн өрөө рүү буцна. Зун нар өндөр (65.5°) тул цонхны дээрх 600 мм салхивч туяаг хааж, өрөөг хэт халахаас сэргийлнэ.
Зургийг хажуу тийш гүйлгэж харна уу
Урд хаалтын зүсэлт, масштабтай · Улаанбаатар, үд дунд · БА-11
Нарны дулааныг хүнд материалд хуримтлуулах зарчим дэлхийд олон арван жил хэрэглэгдэж ирсэн. EW-ийн шийдэл нь зарчимд биш, хослолд оршино: газраас бүрэн тусгаарласан хавтан, бараан шал, урд зүгийн шил, салхивч дөрвийг Монголын нарны зам, хүйтэнд тохируулан нэг системд тооцсон. Тоо бүр загвар зургийн шатны тооцоо бөгөөд барьсан байшинд хэмжиж баталгаажуулна.
Анхны загвар · EW-88
Хүйтэн уур амьсгалд зориулсан нэг давхар амины орон сууц. Ашигтай талбай 82.07 м², барилгын эзлэх талбай 101.2 м², тавцан 23.45 м². Архитектур, бүтээц, агааржуулалт, цахилгаан, нарны эрчим хүч, угсралтын технологи бүхий 40 хуудас зурагтай.
Тоо бүрийн доор түүний үндэслэлийг бичсэн. «Тооцоо» гэдэг нь загвар зургийн шатны тооцоолол, «зорилт» нь хүлээн авахдаа хүрэх ёстой үзүүлэлт. Барьсан байшин дээр хэмжиж баталгаажуулсны дараа хэмжилтийн үр дүнгээр солино.

Оюуны өмч
EW технологийн үндсэн арга, зарчим нь оюуны өмчөөр хамгаалагдсан. Модон хүрээ барьж, гаднаас нь хөөсөнцөр наах нь хэнд ч боломжтой. Гэвч хүйтний гүүргүй, чийг хуримтлуулахгүй, тооцоолсон дулааны үзүүлэлтэд хүрдэг хана гаргах нь хавтан бүрийн зүсэлт, холболт, зангилаа, угсралтын дарааллаас шалтгаална. Тэр мэдлэг гаднаас харахад үл үзэгдэх бөгөөд зөвхөн лицензтэй гүйцэтгэгчид олгогддог.
EW технологи, түүний ажлын зураг, тооцоо, заавар, «EW» болон «EPS WOOD» нэрийг эзэмшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, өөрчлөх, түгээх, арилжааны зорилгоор ашиглахыг Монгол Улсын оюуны өмчийн хууль тогтоомжоор хориглоно.
Зөрчил илэрвэл эзэмшигч хуулийн дагуу хохирлоо нэхэмжилнэ. Зөвшөөрөлгүй гүйцэтгэгчийн барьсан байшинд EW-ийн нэр, баталгаа, техникийн хяналт хамаарахгүй.
ECO HOME буюу EW-88 загварын нэг үнэ, төсвийн задаргааг үзээрэй.
ECO HOME үзэх«Өөрийн Байшин Үндэсний Хөтөлбөр»-өөр зургийн зардлыг 100 хүртэл хүн хуваана.
Хөтөлбөр үзэхГүйцэтгэгч болох, лиценз авах бол бидэнтэй холбогдоорой.
+976 7788-7374
Зураг төсөл
EW-88 загварын 40 хуудас зургийг боловсруулсан. Бидний зорилго бол зүгээр нэг байшин барих биш: өөрийн байшингаа барихыг хүссэн хүн бүрд илүү ухаалаг, хүртээмжтэй шийдлийг хүргэх.
ECO HOME загварыг үзэх